Есүс ямар дүр төрхтэй байсан бэ?
Библид юу гэж байдаг вэ?
Дүр төрхийнх нь тухай Библид тодорхой бичээгүй болохоор үүнийг яг таг мэдэх хүн байхгүй. Тэгэхлээр гадаад байдал нь тийм чухал биш болж таарч байна. Гэсэн ч Библиэс Есүсийн дүр төрхийг ерөнхийд нь мэдэж болохоор байдаг.
Гадаад төрх: Есүсийн ээж нь бас иудей хүн байсан болохоор иудейчүүдийнх шиг царай төрхтэй байсан нь ойлгомжтой (Еврей 7:14). Есүс бусдаас тийм ч онцгой харагддаггүй байсан бололтой. Нэгэн удаа Галилаас Иерусалим руу нууцаар явахад нь хэн ч таниагүй (Ёохан 7:10, 11). Шавь нарынхаа дунд байхдаа ч ялгарч харагддаггүй байсан бололтой. Тийм ч учраас Искариот Юудас зэвсэглэсэн олон хүнд Есүсийг илчлэн барьж өгсөн (Матай 26:47–49).
Үс: «Урт үс эр хүнийг гутаадаг» гэж Библид байдгаас үзвэл Есүс урт үстэй байгаагүй бололтой (1 Коринт 11:14).
Сахал: Есүс сахалтай байсан. Тэрбээр «сахлынхаа үзүүрийг ч бүү эвд» гэсэн иудейчүүдийн хуулийг дагадаг байжээ (Левит 19:27; Галат 4:4). Бас Библид Есүсийн сахлаас угз татна гэж зовлонгийнх нь тухай зөгнөсөн байдаг (Исаиа 50:6).
Бие: Есүсийн талаарх бүх баримт эрүүл чийрэг биетэй байсныг баталдаг. Тэрбээр олон километр зам туулж дэлгэрүүлдэг байв (Матай 9:35). Хоёр ч удаа сүмийг цэвэрлэхдээ мөнгө солигчдын ширээг хөмөрч, хонь малыг туун гаргадаг (Лук 19:45, 46; Ёохан 2:14, 15). Маклинток Стронг нарын нэвтэрхий тольд «Сайн мэдээний бүх номд [Есүсийг] эр зоригтой, эрч хүчтэйгээр дүрсэлсэн байдаг» хэмээн тэмдэглэжээ (4-р боть, 884-р хуудас).
Зүс царай: Элэгсэг дотно, өрөвч нигүүлсэнгүй гэдэг нь царайнаас нь илт байв (Матай 11:28, 29). Есүс дээр янз бүрийн хүн тусламж хүсэж, тайвшрахаар ирдэг байсан (Лук 5:12, 13; 7:37, 38). Тэр байтугай, хүүхдүүд ч айж дөлдөггүй байжээ (Матай 19:13–15; Марк 9:35–37).
Есүсийн гадаад байдлын тухай буруу ойлголт
Буруу ойлголт: «Илчлэл» номд үсийг нь ноос шиг, хөлийг нь «улайсгаад өнгөлсөн хүрэл мэт» гэж бичсэн байдгаас болоод зарим хүн Есүсийг африк гаралтай гэж маргадаг (Илчлэлт 1:14, 15, АББН).
Үнэндээ бол: «Илчлэл» нь элч Ёоханы үзсэн үзэгдлээ бичсэн ном юм (Илчлэл 1:1). Уг номд амилсан Есүс чухам ямар байхыг дүрсэлсэн болохоос биш, дэлхий дээр байхдаа ямар дүр төрх, бие хаатай байсныг нь хэлээгүй ажээ. Илчлэл 1:14-т «Толгойн үс нь цагаан ноос мэт бөгөөд цасан цагаан» гэж байдаг нь үснийх нь шинж чанарыг биш, өнгийг нь хэлсэн хэрэг юм. Үүгээр мэргэн ухаантай, туршлага арвинтайг нь харуулдаг (Илчлэл 3:14). Тэгэхээр Есүсийн үсний шинж чанарыг ноосны ч, цасны ч бүтэцтэй харьцуулаагүй байх нь.
Есүсийн хөлийг «зууханд улайсаж буй сайн чанарын хүрэл мэт» гэсэн (Илчлэл 1:15). Бас «нүүр нь үдийн нар мэт гэрэлтэх ажээ» хэмээн бичжээ (Илчлэл 1:16). Энд дүрсэлсэнтэй адил арьсны өнгө байхгүй болохоор энэ үзэгдэл амилсан Есүс «хүршгүй гэрлийн дотор оршдог» гэдгийг харуулсан бэлгэдлийн утгатай юм (1 Тимот 6:16).
Буруу ойлголт: Есүс сул дорой, доожоогүй хүн байсан.
Үнэндээ бол: Есүс жинхэнэ эр хүн байсан. Жишээ нь, зэвсэгтэй хүмүүс баривчлахаар ирэхэд, өөрийгөө зоригтой илчилдэг (Ёохан 18:4–8). Бас янз бүрийн багаж хэрэгсэл гаргууд эзэмшсэн мужаан байсныг нь бодвол бяр чадалтай байсан байж таарна (Марк 6:3).
Тэгвэл тарчлаах шонг нь яагаад өөр хүнд үүрүүлсэн бэ? Хамт шонд хадуулсан хүмүүсээсээ яагаад түрүүлж нас барсан бэ? (Лук 23:26; Ёохан 19:31–33). Цаазлуулахаасаа өмнө Есүс их тамирдсан. Сэтгэл нь их шаналж байсан болохоор цурам хийлгүй хоносон (Лук 22:42–44). Иудейчүүд шөнөжин харгис хэрцгий хандаж, өглөө нь ромчууд шонд хадсан (Матай 26:67, 68; Ёохан 19:1–3). Ийм шалтгааны улмаас түрүүлж амьсгал хураасан байх.
Буруу ойлголт: Дүнсийсэн, баргар хүн байсан.
Үнэндээ бол: Есүс тэнгэрийн Эцгийнхээ, «жаргалтай Бурхан» Еховагийнхаа төгс төгөлдөр тусгал нь байв (1 Тимот 1:11; Ёохан 14:9). Есүс хэрхэн жаргалтай болохыг бусдад зааж сургадаг байсан (Матай 5:3–9; Лук 11:28). Тэгэхлээр нүүр царайнаас нь баяр жаргал гийсэн хүн байжээ.