Skip to content

Бурхан ямар зан чанартай вэ?

Бурхан ямар зан чанартай вэ?

Хүний зан чанарыг таньж мэдэхийн хэрээр тэр хүнтэй илүү дотно танилцаж, цаашлаад нөхөрлөл зузаардаг. Үүнтэй адилаар, Ехова Бурхны зан чанарыг мэдэхийн хэрээр чухам ямар Бурхан болохыг нь илүү сайн таньж мэдэн, тогтоосон харьцаа маань гүнзгийрдэг. Бурхны олон сайхан зан чанар дундаас хүч, мэргэн ухаан, шударга ёс, хайр нь онцгой дөрвөн чанар нь юм.

БУРХАН ХҮЧТЭЙ

«Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар ... тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ» (ИЕРЕМИА 32:17).

Бүтээлээс нь Бурхны хүчтэй нь харагддаг. Жишээ нь, зуны нартай өдөр гадаа зогсохдоо та юу мэдэрдэг вэ? Нарны илч дулааныг мэдэрдэг. Нарийн яривал, та Еховагийн бүтээх хүчийг мэдэрч байгаа нь тэр юм. Нар хэр зэрэг илч дулаан ялгаруулдаг вэ? Нарны төвийн температур Цельсийн 15 сая градуст хүрдэг ажээ. Нар секунд тутамд олон зуун сая цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний энерги ялгаруулдаг.

Гэхдээ нар бол сансар огторгуй дахь түм буман оддын дэргэд жижигхэн од юм. Хамгийн том оддын нэг болох UY Скути (UY Scuti) одны диаметр нарны диаметрээс 1 700 дахин том хэмжээтэй гэж эрдэмтэд тооцоолдог. UY Скути одыг нарны оронд тавивал дэлхийг төдийгүй, Бархасбадь гаргийн тойрог замыг ч өлхөн багтаахаар том талбайг эзэлнэ. Үүнийг бодож үзвэл, Ехова Бурхан тэнгэр газрыг буюу орчлонт ертөнцийг аугаа их хүчээрээ бүтээжээ гэж Иеремиа тун онож хэлжээ.

Бурхны хүч хүнд яаж нөлөөлдөг вэ? Хүний амь амьдрал Бурхны бүтээсэн нарнаас авхуулаад байгалийн бүхий л гайхамшигтай нөөц баялгаар тэтгэгддэг. Түүнээс гадна, Бурхны хүч бидний хүн нэг бүрд хүрч нөлөөлдөг. Чухам яаж? Нэгдүгээр зуунд Бурхан Есүст гайхамшиг үйлдэх хүч өгч байсан. «Хараагүй нь харж, доголон нь явж, уяман өвчтэй нь эдгэж, дүлий нь сонсож, үхсэн нь амилж байв» гэж Библид бичсэн байдаг (Матай 11:5). Харин орчин үед яадаг вэ? Библид «Тэр ядарсанд тэнхээ өгдөг, ... ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ» гэж бичсэн байдаг (Исаиа 40:29, 31). Бурхан бидэнд «хэрээс хэтэрсэн хүч» өгдөг тул бид амьдралд тохиолдох хүнд бэрхийг давж гарах юм уу тэсэж тэвчдэг (2 Коринт 4:7). Хязгааргүй хүчээ хүний төлөө зориулдаг, хайрын сэтгэлтэй Бурханд та татагдахгүй байна гэж үү?

БУРХАН МЭРГЭН УХААНТАЙ

«Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн» (ДУУЛАЛ 104:24).

Бурхны бүтээлийг судалж мэдэх тусам мэргэн ухааныг нь гайхан биширдэг. Тэр бүү хэл, Еховагийн бүтээсэн амьд байгалийг судлан хэлбэр дүрс, дизайны санаа авч, өөрсдийн бүтээлдээ тусгадаг биомиметик гэдэг шинжлэх ухааны салбар байдаг. Энгийн жижиг эрэг шургаас авхуулаад нисэх онгоцны загварыг хүртэл байгалиас санаа авч бүтээжээ.

Хүний нүд бол гайхамшигт бүтээл юм

Хүний биеийг ажиглавал Бурхны мэргэн ухаан үнэхээр гайхамшигтай нь харагддаг. Үүний нэг тод жишээ бол эхийн хэвлийд ураг бүрэлдэх үйл явц юм. Энэ үйл явц генетикийн бүх л мэдээллийг агуулсан, үр тогтсон ганцхан эсээс эхэлдэг. Тэр эс адилхан олон тооны эсэд хуваагддаг. Гэхдээ яг цаг нь ирэхээр эсүүд хэлбэрээ өөрчилж цусны, мэдрэлийн, ясны гэх мэт хэдэн зуун төрлийн өөр эсүүдэд хуваагддаг. Удалгүй эрхтэн систем нь бий болж, ажиллаж эхэлдэг. Ийнхүү үр тогтсон ганцхан эс хэдэн тэрбум эсэд хуваагдаж явсаар 9 сарын дараа гэхэд бүхэл бүтэн хүн бий болдог. Энэ мэт гайхалтай үйл явц нь Бурхны мэргэн ухааныг харуулдаг. Бурхны мэргэн ухааныг биширсэн олон хүн «Намайг биширмээр, гайхамшигтай бүтээсэн таныг магтъя» хэмээсэн Библийг бичигчийн үгтэй санал нийлдэг (Дуулал 139:14, ШЕ).

Бурхны мэргэн ухаан хүнд яаж нөлөөлдөг вэ? Бүтээгч маань биднийг яавал жаргалтай байхыг мэддэг. Тэрбээр арвин их мэдлэг, мэргэн ухаантай учраас мэргэн зөвлөгөөг бидэнд Библиэрээ дамжуулж өгдөг. Жишээ нь Библид «бие биеэ дуртайяа уучилж байгаарай» гэж уриалдаг (Колосай 3:13). Мэргэн зөвлөгөө байгаа биз? Үнэхээр ч бусдыг уучилдаг хүний нойр сайн, цусны даралт нь тогтвортой байдаг гэж эмч нар тогтоожээ. Бас сэтгэл гутралд орох, бусад өвчнөөр өвдөх магадлал багасдаг байна. Бурхан, биднийг ач тустай зөвлөгөөгөөр дутаадаггүй, мэргэн ухаантай, түшигтэй найз л гэсэн үг юм (2 Тимот 3:16, 17). Тийм найзтай болохыг та хүсэхгүй байна гэж үү?

БУРХАН ШУДАРГА

«ЭЗЭН шударга ёсыг хайрладаг» (ДУУЛАЛ 37:28).

Бурхан үргэлж зөвийг үйлддэг. Үнэхээр ч «Хорон мууг үйлдэх нь Бурханаас, бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байдаг» (Иов 34:10). Бурхан зөв шүүдэг. Энэ талаар нэгэн дуулалч: «Та хүмүүсийг шударга ёсоор шүүдэг» хэмээн хэлжээ (Дуулал 67:4). Ехова «зүрхийг ... хардаг» учраас худал хуурмагт хууртдаггүй, үргэлж үнэний талд зөв шийдвэр гаргадаг (1 Самуел 16:7). Түүнчлэн Бурхан дэлхий дээр болж буй завхран гажуудсан шударга бус үйл хэргийг мэддэг бөгөөд тун удахгүй «хар санаатан газраас тастагдана» гэж амладаг (Сургаалт үгс 2:22).

Гэвч Бурхан шийтгэх дуртай, харгис шүүгч биш юм. Аль болох өршөөл энэрлээ үзүүлдэг. Хорон муу үйл хийсэн хүн ч чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова «өрөвч, нигүүлсэнгүй» ханддаг гэж Библид байдаг. Үүнийг л жинхэнэ шударга зан гэнэ биз дээ? (Дуулал 103:8; 2 Петр 3:9).

Бурхны шударга чанар хүнд яаж нөлөөлдөг вэ? Элч Петр: «Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг бол таалдаг» гэж хэлсэн байдаг (Үйлс 10:34, 35). Бурхан шударга бус загнаж, хүнийг ялгаварладаггүй. Хүмүүс бид арьс өнгө, үндэс угсаа, мэдлэг боловсрол, нийгмийн байр сууриасаа үл шалтгаалан Бурхныг шүтэж, тааллыг нь олох боломжтой.

Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Бид арьс өнгө нийгэмд эзлэх байр сууриасаа үл хамааран Бурхантай дотносох боломжтой.

Бурхан бидэнд мөс чанар өгсөн. Энэ өөртэй нь адилхан шударга байж, муу муухайгаас хол байгаасай гэснийх юм. Библид бичсэнээр мөс чанар бол зүрхэнд бичигдсэн хууль бөгөөд «сайн мууг ялгах төрөлхийн чадвар» юм (Ром 2:15). Зөв сургасан мөс чанар хүнд яаж нөлөөлдөг вэ? Муу муухай шударга бус үйл хэргээс хол байхад тусалдаг. Бас алдаж эндлээ гэхэд хийсэн хэрэгтээ гэмшиж, засаж залруулахад түлхэц болдог. Тийм ээ, Бурхны шударга занг таньж мэдэхлээр түүнд татагддаг.

БУРХАН БОЛ ХАЙР

«Бурхан бол хайр» (1 ЁОХАН 4:8).

Бурхан хүч чадал, мэргэн ухаан, шударга ёсыг илэрхийлдэг. Гэхдээ Библид Бурхны тухай Бурхан бол хүч, мэргэн ухаан, шударга гээгүй. Харин Бурхан бол хайр гэсэн байдаг. Яагаад тэгдэг вэ? Учир нь Бурхны хүч Бурхныг үйлдэл хийхэд нөлөөлдөг. Ехова хязгааргүй хүчээрээ аливааг хийдэг. Шударга чанар болон мэргэн ухаан нь аливааг хэрхэн хийхэд нөлөөлдөг. Харин хайр нь үйл хэрэгт хөтөлдөг. Мөн хайрын үүднээс Ехова бүхнийг хийдэг.

Бурхан юугаар ч дутдаггүй. Гэхдээ тэрбээр хайрандаа хөтлөгдөн тэнгэрт, газарт оюун ухаант бүтээлийг бүтээсэн. Энэ нь тэднийг өөрийнх нь хайр халамжийг мэдрэн жаргалтай байгаасай гэснийх юм. Ехова хүний төлөө дэлхийг бэлдэж, яг тохирсон гэр болгож өгсөн. «Тэрээр сайн, муу хүмүүсийн хэн хэнийх нь дээр нар мандуулж, шударга, шударга бус хүмүүсийн хэн хэнийх нь дээр бороо оруулан» хүн төрөлхтөнд хайраа илэрхийлсээр байдаг (Матай 5:45).

Түүнээс гадна «Ехова их өрөвч, өршөөнгүй билээ» (Яаков 5:11). Чин сэтгэлээсээ өөрийг нь танин мэдэж дотносъё гэсэн хүнд Бурхан хайр энэрлээ үзүүлдэг. Бурхан тийм хүн нэг бүрийг анзаарч хардаг. Үнэндээ «Бурхан хүн бүрд ойр байдаг» (Үйлс 17:27).

Бурхны хайр хүнд яаж нөлөөлдөг вэ? Хүмүүс бид нар жаргахын сайхныг харж баясдаг. Хүүхдийн өхөөрдөм инээдэд өөрийн эрхгүй инээдэг. Гэр бүлийнхнийхээ халуун дулаан хайрыг эрхэмд үздэг. Эдгээр зүйл байхгүй байсан ч бид амьд байж болох л байх. Гэхдээ энэ бүхэн бидний амьдралд зүйрлэшгүй их өнгө нэмж, улам илүү жаргалтай болгодог.

Залбирал бол Бурхны хайрын бас нэг илрэл юм. Библи бидэнд «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай» гэж уриалдаг. Бурхан хайр халамжтай эцэгтэй адил юм. Өөрт нь итгэж найдаасай гэж хүсдэг. Сэтгэл зүрхээ уудлан өөрт нь хандвал хувиршгүй хайрандаа хөтлөгдөн «хүний ухаанаас давуу амар тайвныг» өгнө гэж амласан (Филиппой 4:6, 7).

Бурхны гол чанарууд болох хүч, мэргэн ухаан, шударга зан, хайрын тухай товчхон өгүүлсэн нь Бурхныг илүү сайн таньж мэдэхэд тань дөхөм болсон байх. Бурхны тухай цаашдаа ч илүү ихийг мэдье гэвэл өнөөг хүртэл Бурхны юу хийж ирснийг, ирээдүйд таны төлөө юу хийхийг судалж үзээрэй.

БУРХАН ЯМАР ЗАН ЧАНАРТАЙ ВЭ? Ехова хэнээс ч илүү хүчтэй, мэргэн ухаантай, шударга ёсыг эрхэмлэдэг. Гэвч түүний хамгийн сэтгэл татам чанар бол хайр юм