Skip to content

Үнэнийг мэдмээр байна уу?

Үнэнийг мэдмээр байна уу?

Юуны тухай үнэн бэ гэж та асуух байх. Хүмүүсийн сонирхлыг үргэлж татдаг асуултуудад зөв хариу өгдөг үнэний тухай юм. Та дараах асуултуудыг бодож үзсэн үү?

  • Хүмүүст санаа тавьдаг Бурхан байдаг уу?

  • Дайн дажингүй, зовлон зүдүүргүй цаг ирэх болов уу?

  • Хүн үхээд яадаг вэ?

  • Талийгаачтайгаа эргээд уулзах болов уу?

  • Залбирлынхаа хариуг авъя гэвэл яаж залбирах вэ?

  • Яавал жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах вэ?

Эдгээр асуултын хариуг хаанаас мэдэж болох вэ? Номын сан, дэлгүүрээр яваад үзвэл, тиймэрхүү асуултад хариулах зорилгоор бичсэн ном олон тааралдах байх. Гэхдээ ном болгон өөр өөрөөр хариулсан байдаг. Заримынх нь хариу тухайн үедээ зөв юм шиг санагдавч удалгүй хоцрогддог. Тийм учраас, засах юм уу бүрмөсөн өөрчлөх хэрэгтэй болдог.

Харин ганцхан ном хамгийн найдвартай хариу өгдөг. Энэ бол үнэнийг өгүүлдэг ном юм. Есүс Христ Бурханд хандан: «Таны үг бол үнэн мөн» хэмээн залбирчээ (Иохан 17:17). Тэр Үг нь Ариун Библи юм. Дээрх асуултуудад Библи тодорхой, үнэн зөв хариулдгийг та дараа дараагийн хуудаснаас мэдэх болно.

Хүмүүст санаа тавьдаг Бурхан байдаг уу?

ИНГЭЖ АСУУДГИЙН УЧИР: Удамшил хувьслын онол заалгасан олон хүн Бурхан байдаггүй гэж боддог. Тэд, Бурхан гэж байдаг бол одоо болж буй шударга бус, харгис балмад явдлыг яагаад таслан зогсоодоггүй юм бэ гэж гайхширдаг.

БИБЛИ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?: Бурхан байдгийн олон нотолгоо бидний эргэн тойронд бий. Библид: «Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд... бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа» гэж бичжээ (Ром 1:20). Амьд байгалийн нарийн нийлмэл бүтцийг судалж үзвэл Бүтээгч Бурхан байдгийн нотолгоог олж болно. Тэрхүү Бүтээгч оршин байдаг төдийгүй, бидэнд санаа тавьдаг аж. Библид бичсэнээр, Бурхан хүмүүст сайхан ирээдүй амладаг. Есүс: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь,... Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээн залбирч байхыг захижээ (Матай 6:9, 10). Бурхан хүмүүст үнэхээр хайртай учраас санаа зорилгоо заавал биелүүлэхийн тулд онцгой арга хэмжээ авсан (Иохан 3:16).

Түүнчлэн, Эхлэл 1:26–28; Иаков 1:13; 1 Петр 5:6, 7-г үзнэ үү.

Дайн дажингүй, зовлон зүдүүргүй цаг ирэх болов уу?

ИНГЭЖ АСУУДГИЙН УЧИР: Дайн дажин тасралтгүй үргэлжилж, эрдэнэт хүний амь сүйдсээр байна. Бас зовлон зүдүүрээс ангид хүн гэж байдаггүй.

БИБЛИ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?: Бурхны зөгнөснөөр, даян дэлхийд энх тайван цаг ирнэ. Дэлхийг Бурхан захирдаг болох цагт хүмүүс «дахин хэзээ ч ...дайтахад суралцахгүй». Харин «илдээ анжисны хошуу... болгон давтана» (Исаиа 2:4). Бурхан шударга бус явдал хийгээд зовлон зүдүүрийг эцэс болгоно. Библид: «[Бурхан] тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс [өнөөгийн шударга бус явдал, зовлон зүдүүр ч бас] өнгөрөн одлоо» гэсэн амлалт байдаг (Илчлэлт 21:3, 4).

Түүнчлэн, Дуулал 37:10, 11; 46:9; Мика 4:1–4-ийг үзнэ үү.

Хүн үхээд яадаг вэ?

ИНГЭЖ АСУУДГИЙН УЧИР: Ихэнх шашин хүнийг үхсэний дараа сүнс нь үргэлжлэн амьдардаг гэж сургадаг. Зарим хүн, нас барагсад үлдсэн хүмүүстээ хор хөнөөл учруулдаг гэж боддог байхад, зарим нь Бурхан муу хүмүүсийг шийтгэж, галт тамд мөнх тарчилган зовоодог гэдэгт итгэдэг.

БИБЛИ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?: Хүн үхэхлээрээ оршин байхаа больдог. «Үхэгсэд юу ч мэддэггүй» гэж Библид бичсэн байдаг (Номлогчийн үгс 9:5). Үхсэн хүн юу ч мэдэж, мэдэрч, хийдэггүй учраас амьд хүмүүст хор хөнөөл учруулах юм уу тусалж чадахгүй.

Түүнчлэн, Эхлэл 3:19; Номлогчийн үгс 9:6, 10-ыг үзнэ үү.

Талийгаачтайгаа эргээд уулзах болов уу?

ИНГЭЖ АСУУДГИЙН УЧИР: Амьд байж, дотнын хүмүүстэйгээ хамт амьдрах нь хүний чин хүсэл мөн. Тиймээс, талийгаачтайгаа эргэж уулзах юмсан гэж хүсдэг нь ч жам юм.

БИБЛИ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?: Нас барагсдын ихэнх нь дахин амилна. «Булшинд байгчид бүгдээрээ ...гарч ирнэ» гэж Есүс хэлсэн (Иохан 5:28, 29). Дахин амилсан хүмүүс Бурхны анхны санаа зорилгын дагуу диваажин дэлхийд амьдрах юм (Илчлэлт 21:4). Бурханд дуулгавартай хүмүүс төгс эрүүл болж, мөнх амьдрах сайхан ирээдүйтэй. «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж Библид бичжээ (Дуулал 37:29).

Түүнчлэн, Иов 14:14, 15; Лук 7:11–17; Үйлс 24:15-ыг үзнэ үү.

Залбирлынхаа хариуг авъя гэвэл яаж залбирах вэ?

ИНГЭЖ АСУУДГИЙН УЧИР: Ер нь, шашин шүтдэг бүх хүн залбирдаг. Гэхдээ залбирлынхаа хариуг авдаггүй гэж боддог хүн олон байдаг.

БИБЛИ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?: Есүс бидэнд, нэг л үгээ дахин дахин давтахгүй байхыг захиж, «Залбиран байхдаа ...утгагүй хоосон үг бүү давт» гэж хэлжээ (Матай 6:7). Залбирлынхаа хариуг авъя гэж боддог бол Бурхны таалалд нийцүүлж залбирах ёстой. Үүний тулд, Бурхны юу хүсдэгийг мэдэж, тэр дагуу залбирах нь зүйтэй. «[Бурхны] хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог» гэж Библид бичсэн байдаг (1 Иохан 5:14).

Түүнчлэн, Дуулал 65:2; Иохан 14:6; 16:23, 24; 1 Иохан 3:22-ыг үзнэ үү.

Яавал жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах вэ?

ИНГЭЖ АСУУДГИЙН УЧИР: Олон хүн алт мөнгө, алдар нэр, гоо үзэсгэлэнг аз жаргалын үндэс гэж бодоод, тэр бүхний хойноос хөөцөлддөг. Гэлээ ч жинхэнэ ёсоор жаргалтай амьдарч чаддаггүй.

БИБЛИ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?: Есүс жинхэнэ жаргалын үндсийг тодорхойлж: «Бурхны үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй [буюу жаргалтай]» гэж хэлжээ (Лук 11:28). Жинхэнэ ёсоор жаргалтай амьдаръя гэвэл амин чухал нэг хэрэгцээ болох сүнслэг хэрэгцээгээ хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Бурхны тухай үнэнийг, мөн хүмүүсийн талаарх Бурхны санаа зорилгыг мэдэх хэрэгтэй. Энэ үнэнийг Библиэс мэдэж болно. Үүнийг мэдсэнээр, амьдралд юу нь чухал, юу нь чухал биш болохыг ялгаж сурдаг. Библид бичсэн тэр үнэний дагуу амьдарвал, амьдрал илүү утга учиртай болно.

Түүнчлэн, Сургаалт үгс 3:5, 6, 13–18; 1 Тимот 6:9, 10-ыг үзнэ үү.

Дээрх зургаан асуултад Библи юу гэж хариулдгийг товч авч үзлээ. Хэрэв та үнэнийг хайдаг бол илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа нь лавтай. Бас: «Бурхан бидэнд санаа тавьдаг юм бол муу муухай явдал хийгээд зовлон зүдүүрийг яагаад ийм удаан хугацаагаар байлгаад байдаг юм бол оо? Гэр бүлийн уур амьсгалаа яаж сайжруулах вэ?» гэх зэргээр эргэцүүлдэг байж болох юм. Эдгээр болон өөр олон асуултад Библи бүрэн дүүрэн, оновчтой хариу өгдөг.

Гэхдээ Библийг ойлгоход хэцүү, зузаан ном гэж бодоод, уншиж судлахаас халширдаг хүн олон байдаг. Дээрх асуултуудын хариуг Библиэс олоход тусламж хэрэгтэй байгаа бол Еховагийн Гэрчүүд танд хоёр аргаар дуртайяа тусална.

Нэгдүгээрт, «Библийн сургаалыг зөв ойлгох нь» гэдэг номыг танд өгөхөд бэлэн байна. Энэ номыг хүний амьдралын амин чухал асуултуудад Библи хэрхэн хариулдгийг мэдэж авахад нь цаг зав багатай хүмүүст туслах зорилгоор гаргасан юм. Хоёрдугаарт, гэрээр Библийн хичээл үнэ төлбөргүй заана. Еховагийн Гэрчүүд Библийн хичээл заах шаардлага хангасан хүмүүс бөгөөд танай гэрт юм уу, эсвэл таны тохиромжтой гэсэн газар, 7 хоногт нэг удаа богинохон хугацаагаар хичээл заана. Дэлхий даяар олон сая хүн ийм хөтөлбөрт хамрагддаг. Тэдний дотроос олон хүн «Би үнэнийг оллоо!» хэмээн сэтгэл хөдлөн хэлдэг.

Библийн үнэнээс илүү үнэтэй эрдэнэ өөр хаанаас ч олдохгүй. Энэ үнэний ачаар хүн мухар сүсэг, алдаа төөрөгдөл, айдас хүйдсээс ангижирч, ирээдүйн найдвартай, амьдралын зорилготой, баяр баясгалантай болдог. Есүс: «Та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэж хэлжээ (Иохан 8:32).